Нүүр Зөвлөгөө

Ходоод эргэх гэж юу вэ?

Ходоод эргэх гэж юу вэ?

Ходоод эргэх гэдэг нь  нохой ялангуяа гэнэт их хоол идсэний дараа огцом хөдөлгөөн хийх, дээшээ харж 2 тийш хөрвөөх зэргээс ходоод бүтэн буюу хагас эргэж ходоодонд их хэмжээний хий хуримтлагдан бодисын солилцоо хямарч түргэн хугацаанд шоконд оруулдаг эмгэг юм.

Яаралтай эмнэлгийн тусламж авахгүй бол үхэх хүртэл аюултай. Хэдийгээр эмнэлгийн тусламж авч яаралтай мэс ажилбарт орсон ч бүтэн эргэсэн үед амь эрсдэх магадлал 80% байдаг тул цаг алдалгүй эмчид хандах шаардлагатай.

Ходоод эргэсэн үед ямар шинж тэмдэг ажиглагддаг вэ

  1. Зан араншин тогтворгүй болж нохой тайван бус болно.
  2. Хэвлий орчмоор томорч эхэлнэ.
  3. Салст бүрхүүл цайна.
  4. Бөөлжих гэж оролдох, дүлэх
  5. Хэвийн үеэсээ их шүлс нь гоожих
  6. Хүндрэлтэй амьсгалах

Хоол идсэнээс хойш 2-3 цагийн дотор дээрх шинж тэмдгүүд ажиглагдвал яаралтай эмчид хандах хэрэгтэй.

Ходоод эргэх эмгэг бүх үүлдрийн нохдод тохиолдох уу?

Бүх үүлдрийн эр эм нохдод тохиолдох боломжтой гэхдээ том үүлдрийн өндөр цээжтэй нохдод илүү өндөр магадлалтай: Герман овчарк, доберман, Симбернар, Грэйт ден, Бассет хоунд , Стандарт поодле зэрэг

Мөн судалгаанаас харвал эрлийз нохойноос илүү цэвэр үүлдрийн нохой 5 дахин өндөр эрсдэлтэй байдаг байна. Нохойн биеийн жин 40 кг болон түүнээс дээш бол өндөр магадлалтай байдаг бол 10 хүртэлх жинтэй нохойнд бага эрсдэлтэй байдаг байна.

Ходоод эргэх үед нохойн биед юу болдог вэ?

Ходоод их хэмжээгээр тэлж хэвлийн болон цээжний хөндийн эрхтэнд даралт үүсгэж улмаар цусны ерөнхий эргэлт болон амьсгалын эрхтэн тогтолцоо хэвийн бус болж эхэлдэг байна. Тиймээс амьсгал авалт гаргалт хүндрэн хүчилтөрөгчийн дутагдалд орж маш хурдан хугацаанд шоконд ордог. Ходоод эргэснээс тэр хэсгийн цусны урсгал боогдон ходоод дэлүү үхжиж эхэлдэг.

Гэрийн нөхцөлд ямар эмчилгээ хийгдэх вэ?

Гэрийн нөхцөлд ямар ч эмчилгээ байхгүй. Маш яаралтай малын эмчид хандаж яаралтай тусламж авах шаардлагатай.  Нохой шокийн байдалд орохоос сэргийлж шингэний эмчилгээг эхлээд мэс заслын аргаар эргэсэн ходоодыг хэвийн байдалд оруулан ахин эргэхээс сэргийлж ходоодыг хэвлийн гялтанд бэхэлж оёх шаардлагатай. Хэрвээ дэлүү гэмтэж үхжилт үүссэн бол дэлүү тайрах, авах зэрэг арга хэмжээг авна. Түүний дараагаар шаардлагатай цусны шинжилгээ зэргийг хийх хэрэгтэй.

Эмчилгээг аль болох хурдан эхэлснээс таны нохойны амьд гарах магадлал ихэснэ гэсэн үг юм .

Хэрхэн яаж урьдчилан сэргийлэх вэ?

Нохойгоо хооллох, дасгал хөдөлгөөн хийлгэхдээ сайн анхаарах хэрэгтэй. Нохойнд хоол нэг дор их хэмжээгээр бус бага багаар олон удаагийн давтамжтай өгөх хэрэгтэй. Мөн хоол идсэний дараа шууд дасгал хөдөлгөөн хийлгэхээс аль болох сэргийлэх хэрэгтэй. Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж нохойг үржил хязгаарлах мэс ажилбарын үед  ходоодыг хэвлийн гялтанд бэхэлж оёх хэрэгтэй.