Монгол ВИ.И.ТИ.НЕТ Төрийн Бус Байгууллага
Монгол ВИ.И.ТИ.НЕТ ТББ нь улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс мал аж ахуйн салбар болон боловсролын салбарт цогц байдлаар үйл ажиллагаагаа явуулж байна. Манай байгууллага хот, хөдөө орон нутгийн малын эмч нарын мэдлэг боловсролыг нэмэгдүүлж хувийн мал эмнэлгийн бизнес удирдлагад сургах, техник хангамжийг сайжруулах чанартай, аюулгүй малын эм бэлдмэлээр тогтмол хангах, мөн хөдөө орон нутгийн багш нарт орчин үеийн сургалтын арга барил эзэмшүүлэх, сургууль завсардсан хүүхэд залуучуудад сургалт явуулах зэрэг үйл ажиллагааг явуулдаг. Бидний гол зорилго бол хүн малын эрүүл мэндийг хамгаалах, ялангуяа малаас авах ашиг шимийн гарцыг нэмэгдүүлж, малчин өрхийн амьжиргааг дээшлүүлэх, тэдний үр хүүхдийн боловсролыг дээшлүүлэх явдал юм.
Дээр өгүүлсэн хараа зорилгод хүрэхийн тулд бид өөрсдийн боломжид тулгуурлан гадна дотны олон байгууллага хамт олонтой хамтран ажиллаж, олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаагын нэг нь “Мал Эмнэлгийн Үргэлжилсэн Сургалт Хөтөлбөр ” бөгөөд энэ хөтөлбөр нь 21 аймаг, сумдын малын эмч, малчдыг хамарч амжилттай хэрэгжиж байгаа юм. Тус сургалтыг жил бүр зохион явуулж, сургалтанд хамрагдсан, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий малын эмч нарт чанартай, үр дүнтэй аюулгүй малын эм бэлдмэлээр тогтмол хангаж байна.
Мэдлэг чадвар сайтай малын эмч нар өөрсдийн гэрээт малчидтай ойртон ажиллаж аюулгүй, чанартай эм тариагаар үйлчилгээ үзүүлсэнээр мал сүрэг эрүүлжиж, ашиг шимийн гарц нэмэгдэн малчдын ашиг орлого, амьжиргаанд бодитой нөлөөлж чадна. Хамгийн гол нь үүний цаана улс орны хүнсний хэрэгцээг хангагч малчин таны үйлдвэрлэж буй мах сүүн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал нь хүний хэрэгцээнд нийцэх явдал билээ.
Дээрх зорилгын дагуу бидэнтэй хамтран ажиллахыг хүссэн таны өмнө манай хаалга үргэлж нээлттэй байх болно.
Таныг хүндэтгэсэн:
“Монгол Ви.И.Ти.Нет ” ТББ-ын Гүйцэтгэх Захирал М.Адилбиш