Манай төсөл 1999 оноос Өвөрхангайн Уянга сумын Жаргалант баг, Бат-Өлзий сумын Их булаг баг, Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багуудад өөр өөр хэлбэл хөдөөгийн алслагдсан багуудад сумын төвд орж сургууль цэцэрлэгт хамрагдаж чадахгүй хүүхэд залуучуудад бичиг үсэг заах мөн цэцэрлэг, амьдрах ухаан, англи хэлний сургалтуудыг явуулах, дотуур байрны засвар тохижолтонд туслах, сургууль, ангийн тохижолтонд туслах зэргээр хэнд юу хэрэгтэй байгааг судлан ажиллаж эхлэсэн. Энэхүү сургалт, ажиллууд нь асар их үр дүнгээ өгсөн ажил болж, олон олон газруудаас хүсэлт ирж 2003 он гэхэд 10 гаруй алслагдсан газруудад сургалтаа явуулдаг болсон байлаа.
Ингээд 2004 оноос эхлэн “С.А.С” (Утга нь: Сум орон нутгийн хөгжилд бүх талаарх туслах) төсөл хэрэгжиж эхлэсэн. Бид нэг сумыг сонгоод, сумын засаг даргатай гурван жилийн хугацаанд аль аль талбарт хамтран ажиллахаа хэлэлцэн гэрээ хийснээр хамтын ажиллагаа эхлэдэг. Одоогоор Архангайн 11 сум, Өвөрхангайн 11 сум, Хэнтийн 11 сум, Дундговь 8, Баянхонгор 3, Сэлэнгэ 1, Дорноговь 5 суманд С.А.С төсөл хамрагдаад байна. Эдгээрийн зарим сум нь төслийн хугацаа дууссан, зарим нь одоогоор хэрэгжиж байна.
Бид С.А.С төслийн хүрээндээ англи хэл, зан чанар, шатар, амьдрах ухаан, цэцэрлэг, бичиг үсэг, гоо сайхны сургалт, бүжиг, дуу болон IQ зэрэг хөгжүүлэх сургалтуудыг 14- 60 хоногийн хугацаагаар явуулдаг. Эдгээр сургалтуудыг ихэвчлэн зуны амралтын үеэр явуулдаг. Бид мэрэгжлийн багш нарыг богино хугацаагаар авч ажиллуулдаг. Мөн хавар, намар богино хугацаагаар очиж, “Алсын хараа, зорилгоо тодорхойлох”, “Харилцааны сэтгэл зүй”, “Хэрхэн сайн ээж байх вэ?” гэх мэт бидний амьдралд зайлшгүй хэрэгцээт сэдэвт сургалтуудыг явуулдаг.
Төслийн хүрээнд Америк болон гадаадын орнуудаас богино хугацаагаар ирсэн мэрэгжилтнүүд төрөл бүрийн сургалт явуулах, эмнэлгийн анхан шатны сургалт явуулах, шүдний эмчийн үйлчилгээ үзүүлэх, зуны сургалтын үеэр англи хэлний багшид туслаж ажиллах зэргээр бидэнтэй хамтран ажилладаг.