-
Монгол Улс Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг
Манай төсөл анх 1999 оноос “Хөдөөгийн алслагдсан сургуулийг дэмжих төсөл” нэртэйгээр Архангай, Өвөрхангай аймгийн зарим сум, багуудын бичиг үсэггүй хүмүүст бичиг үсэг заах, хүүхэд багачуудад зуны цэцэрлэгийн сургалтууд зохион байгуулах зэргээр хэрэгжиж эхэлж байсан.
2003 оноос төслийн нэр “Боловсрол- Хөгжил” болж өөрчлөгдөн үйл ажиллагааны хүрээ өргөжин тэлсээр байна. Одоогийн байдлаар Архангай, Өвөрхангай, Булган, Хөвсгөл, Дорнод, Дорноговь, Дундговь, Хэнтий, Сүхбаатар, Завхан аймгуудын нийт 28 сумдад амжилттай хэрэгжээд явж байна. Энэхүү төсөл нь нэг суманд гурван жил дараалан хэрэгждэг бөгөөд өнгөрсөн хугацаанд дээрх аймгуудын 65 суманд амжилттай хэрэгжсэн. 2013 онд Боловсрол- Хөгжил төслөөс зохион байгуулсан зуны сургалт болон хавар намрын сургалтанд нийт 7627 хүүхэд болон насанд хүрэгчид хамрагдсан. 2014 онд Хөвсгөл, Булган аймгуудад Боловсрол-Хөгжил төсөл үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхэлж байна.
Зорилго:
Төслийн хамт олон тухайн орон нутгийн ард иргэд, хүүхэд залуучууд, гэр бүлүүд болон албан байгууллагын ажилчдын оюуны хэрэгцээнд зориулан чанартай сургалтуудыг зохион байгуулж, тэд сурсан зүйлсээ амьдралдаа хэрэгжүүлэн, сайн сайхан амьдрахад нь тус болохыг зорьж ажилладаг.
Үйл ажиллагаа:
- Хавар, намар, зуны сургалтууд
- Хүнсний ногоо тарих, оёдол болон амьдрах ухааны жижиг төслүүд
- Ажилчдын хүүхдүүдийн өдөр өнжүүлэх
- Эрүүл мэндийн үйлчилгээ
Зуны сургалт:
Хөдөө орон нутгийн хүүхэд багачууд, хот суурин газрын хүүхдүүдтэй харьцуулбал зуны амралтаараа хүссэн сургалтандаа хамрагдах боломжгүй байдаг. Тийм учраас “Боловсрол хөгжил” төслийн хамт олон энэ хэрэгцээг харгалзан сурагчдын зуны амралтаар орон нутагт зуны хэрэгцээт сургалтуудыг мөн алслагдсан багийн цэцэрлэгт хамрагдах боломжгүй хүүхэд багачуудад цэцэрлэгийн сургалтыг хоёр сар хүртлэх хугацаагаар зохион байгуулдаг.
Сургалтын төгсгөлд хүүхдүүд зуны сургалтаар дамжуулан сурч мэдсэн зүйлээ эцэг эх, найз нөхөд, багш нар болон сум орон нутгийн удирдлагуудад тайлагнадаг төдийгүй зарим суралцагчид аймаг орон нутгийн болон улсын чанартай уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож, зуны сургалтын үр дүнг бодитоор харах боломж олгодог.
Хавар намрын сургалт:
Орон нутгийн албан хаагчид, багш, эмч нар, сургуулийн суралцагчид, гэр бүл, эцэг эхчүүдэд зориулсан богино хугацааны хэрэгцээт сургалтууд, танин мэдэхүйн болон нөхөрсөг тэмцээн уралдаануудыг зохион явуулдаг.
Эрүүл мэндийн үйлчилгээ:
Төсөл хэрэгжүүлж буй орон нутгийн ард иргэдийн эрүүл мэндэд анхаарч мөн эмнэлгийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулах зорилгоор хүн эмнэлгийн эмч, сувилагч нарт зөвлөгөө өгөх мөн тэдэнд хэрэгцээтэй сургалтуудыг зохион байгуулдаг. Шүдний эмч, сувилагч, хүний эмч нар Америкийн Нэгдсэн Улс, Канад, Англи зэрэг орнуудаас ирж эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг.
Өдөр өнжүүлэх:
Тус байгууллагын ажилчдын хүүхдүүдэд өдөр өнжүүлэх ажиллуулдаг. Одоогоор бага, дунд бүлгийн нийт 25 хүүхэд хамрагдаж байна.