Үргэлжилсэн сургалт хөтөлбөр

Үргэлжилсэн сургалт хөтөлбөр

Монгол ВИ.И.ТИ.НЕТ ТББ нь үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн цагаас хөдөө орон нутгийн малын эмч нарын мэдлэг боловсролыг сайжруулах, хувийн мал эмнэлгийг бизнес удирдлагад сургах, хувийн мал эмнэлгүүдийн техник хангамжийг сайжруулах, чанар сайтай малын эм бэлдмэлүүдээр хангах тал дээр анхаарч, олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж ирсэн. Эдгээр төсөл хөтөлбөрүүдээс хамгийн олон аймаг сумдын хүрээнд олон малын эмч нарыг хамруулж байгаа нь “Мал Эмнэлгийн Үргэлжилсэн Сургалт Хөтөлбөр” (цаашид МЭҮСХ гэх) юм.    

“Мал Эмнэлгийн Үргэлжилсэн Сургалт Хөтөлбөр”  нь анх 2005 онд АНУ-н Хөдөө Аж Ахуйн Яам (USDA) Мерси Корпсоос хэрэгжсэн “Хөдөөгийн Агробизнесийг Дэмжих Хөтөлбөр”-ийн хүрээнд 3 жил дараалан амжилттай хэрэгжсэн. 2008 онд Дэлхийн Зөн ОУБ, CHF-Гэр санаачилга, Samaritan Purse болон Швейцарийн Хөгжлийн Агентлагаас санхүүжигдэн Монгол Улсын хэмжээнд 21 аймгийн 700 гаруй хувийн мал эмнэлгийн, 1024 малын эмч нар тус сургалт хөтөлбөрт хамрагджээ.

2009 - 2011 онд Швейцарийн Хөгжлийн Агентлагийн “Мал Аж Ахуйн Төсөл”-ийн санхүүжилтээр Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор болон Архангай зэрэг нийт 7 аймагт тус сургалт болон “Загвар малчин өрх хөтөлбөр” нь амжилттай  хэрэгжээд байна.   

      МЭҮСХ-ийн үйл ажиллагаа нь АНУ, Англи, Канад, Шинэ Зеланд, Австралийн малын эмч, мэргэжилтнүүд, Монгол ВИ.И.ТИ НЕТ ТББ-ын ажилчдын хамтын оролцоотойгоор үргэлжлэн хэрэгжсээр байна.

   Хөтөлбөрийн сургалтууд нь Улаанбаатар хотод зохиогдсон сургалтын дараагаар тус ТББ-ын малын эмч нар, гадаадын малын эмч мэргэжилтнүүдтэй хамт хөдөө орон нутагт очиж сургалт, дадлага ажлыг явуулан харилцан туршлага солилцдог.

       Малын эмч нар энэхүү сургалт дадлагаар дамжуулан мал эмнэлгийн орчин үеийн эмчилгээний аргууд болон эм тариа багаж хэрэгслийг ашиглах аргуудыг суралцаад зогсохгүй өвчтэй мал амьтан үзэж, эмчилгээ үйлчилгээ хийдэг нь малын эмч нар болон малчдын талархлыг хүлээгээд байгаа юм.

    Монгол ВИ.И.ТИ.НЕТ ТББ нь “Мал Эмнэлгийн Үргэлжилсэн Сургалт Хөтөлбөр”-н хүрээнд нийт 50 гаруй малын эм бэлдмэлийг Монгол улсын малын эмийн бүртгэлд бүртгүүлсэн. Эм бэлдмэлүүд нь АНУ, Англи, Австрали, Хойд Ирланд, Франц улсад үйлдвэрлэгдсэн, чанар, үйлчилгээ сайтай тул хөдөө орон нутгийн малын эмч болон малчдын хэрэгцээнд нийцсэн бөгөөд малын эмч малчин хоёрын харилцан итгэлцлийг бий болгож байна.

    Монгол ВИ.И.ТИ.НЕТ ТББ нь цаашид хөдөө орон нутгийн малын эмч нарын үйл ажиллагааг байнга дэмжиж “Мал Эмнэлгийн Үргэлжилсэн Сургалт Хөтөлбөр”-ийг жил бүр үргэлжлүүлэн явуулж, шаардлагатай сургалт мэдээлэл, мал эмнэлгийн эм бэлдмэл багаж хэрэгсэл бусад хэрэгцээтэй зүйлсээр ханган ажилласаар байх болно.