
Сайн байна уу,
Манай байгууллагын вэб сайтад зочилж буй танд баярлалаа. МОНГОЛ ВИ И ТИ НЕТ ТББ нь Мал эмнэлэг - Боловсрол хувь хүний хөгжлийн сургалт болон нийгэмд үйлчлэх үйлчлэлээр Монгол туургатанд Итгэл Найдвар өгч, улс орноо хөгжүүлэхэд бидний эрхэм зорилго оршино.
Манай байгууллага нь анх үүсэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын мал аж ахуй болон боловсролын салбарт гол анхаарлаа хандуулан, цогц байдлаар үйл ажиллагаагаа явуулж ирсэн билээ. Энэ хүрээнд хот, хөдөө орон нутгийн малын эмч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх; хувийн мал эмнэлгийг дэмжин хөгжүүлэх, техник хангамжийг сайжруулах; олон улсад өргөн хэрэглэгддэг, чанартай аюулгүй малын эм, бэлдмэл, багаж хэрэгслээр малын эмч нарыг тогтмол ханган ажиллаж байна.
Үүний тулд Улаанбаатар хотод жижиг амьтан болон адууны чиглэлээр “Энэрэх мал эмнэлэг, сургалтын төв"-ийг байгуулан ажиллаж байгаа бөгөөд мал эмнэлгийн сургуулийн оюутнууд болон хот, хөдөө орон нутгийн малын эмч нарт сургалт, дадлагыг тогтмол зохион байгуулж байна. Мөн малын эмч, малчид, фермерүүдэд чиглэсэн олон төсөл, хөтөлбөрийг санаачлан, хөгжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна.
Боловсролын салбарт хөдөө орон нутгийн сургууль, цэцэрлэг, хүн эмнэлэг болон засаг захиргааны ажилтнууд, орон нутгийн иргэдэд хэрэгцээтэй сургалтуудыг тэдний оюуны хөрөнгө оруулалтад хувь нэмэр оруулах зорилгоор “Боловсрол Хөгжил” төслийг хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд тухайн орон нутгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн англи хэл, компьютер, цэцэрлэгийн боловсрол, удирдлага, ёс зүй ба зан чанар, харилцаа, дуу хөгжим, бүжиг, шатар зэрэг сургалтуудыг богино болон урт хугацааны хэлбэрээр зохион байгуулж байна.
Мөн Монгол Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн харьяа Мал Эмнэлэг, Биотехнологийн сургуулийн оюутнуудад мэргэжлийн болон ярианы англи хэлний сургалт, жижиг амьтан болон адууны клубийн сургалтуудыг тогтмол явуулж байна. Үүний нэг жишээ нь алсын зайнаас магистрын зэрэг олгох практик сургалтыг АНУ-ын их сургуулиудтай хамтран амжилттай хэрэгжүүлж буй явдал юм.
Манай вэб сайтаар дамжуулан байгууллагын зорилго, үйл ажиллагааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Дээр дурдсан зорилго, чиглэлийн хүрээнд та бүхэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.
Таныг хүндэтгэсэн,
МОНГОЛ ВИ И ТИ НЕТ ТББ-н
Гүйцэтгэх захирал
Б.Ганзориг