Манай төсөл анх 1999 оноос “Хөдөөгийн алслагдсан сургуулийг дэмжих төсөл” нэртэйгээр Архангай, Өвөрхангай аймгийн зарим сум, багуудын бичиг үсэггүй хүмүүст бичиг үсэг заах, хүүхэд багачуудад зуны цэцэрлэгийн сургалтууд зохион байгуулах зэргээр хэрэгжиж эхэлж байсан.
1999 онд “Хөдөөгийн алслагдсан сургуулийг дэмжих төсөл” нэртэйгээр сургуулиас завсардсан хүмүүст бичиг үсэг заах зорилготойгоор эхэлсэн түүхтэй. Энэхүү төсөл нь 2003 онд “Боловсрол хөгжил” төсөл нэртэй болж үйл ажиллагаагаа тэлж англи хэл, зан чанар, хувь хүний хөгжлийн сургалтыг мэргэжлийн багш нар болон орон нутгийн сургуулиудтай хамтран зохион байгуулж эхэлжээ.
2024 оны байдлаар Монгол Ви И Ти Нет ТББ -ын “Боловсрол-Хөгжил” төслийн сургалтад 2011 оноос хойш нийт 67804 хүүхэд, 64980 насанд хүрэгчид англи хэл, зан чанар, хувь хүний хөгжлийн сургалтуудад хамрагдсан байна. Энэхүү төсөл нь нэг суманд гурван жил дараалан хэрэгждэг бөгөөд өнгөрсөн хугацаанд 14 аймгын 158 суманд амжилттай хэрэгжсэн.
Зорилго:
Байгууллагын алсын харааг хэрэгжүүлэн хөдөө орон нутгийн малчид, ард иргэд, гэр бүл, хүүхэд залуучууд, албан байгууллагын ажилчдад хувь хүний хөгжлийн болон оюуны хэрэгцээт бүхий л сургалтыг зохион байгуулах, төсөл хэрэгжүүлэх, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, зөвт сайхан амьдрахад нь хувь нэмэр оруулах зорилготой.
Үйл ажиллагаа:
- Хавар, намар, зуны сургалтууд
- Хүнсний ногоо тарих, оёдол болон амьдрах ухааны жижиг төслүүд
- Ажилчдын хүүхдүүдийн өдөр өнжүүлэх (2024 оныг хүртэл)
- Эрүүл мэндийн үйлчилгээ
Зуны сургалт:
Хөдөө орон нутгийн хүүхэд багачууд, хот суурин газрын хүүхдүүдтэй харьцуулбал зуны амралтаараа хүссэн сургалтандаа хамрагдах боломжгүй байдаг. Тийм учраас хүүхэд бүр тэгш, хүртээмжтэй суралцах, цэцэрлэгт хамрагдах боломжийг бүрдүүлж өгөх зорилготойгоор зуны англи хэл, зан чанар, цэцэрлэгийн болон бусад сургалтыг хэрэгжүүлдэг. СӨБ-д хамрагдах боломжгүй хүүхдүүдэд зориулан цэцэрлэгийн үйл ажиллагааг малчны хотноо гэрт, сумын төв дээр эсвэл багийн байранд гэх мэт газруудад зохион байгуулж сумын төвөөс алслагдсан багын малчны хүүхдүүдэд цэцэрлэгт хамрагдах боломжийг олгож байна.
Сургалтын төгсгөлд хүүхдүүд зуны сургалтаар дамжуулан сурч мэдсэн зүйлээ эцэг эх, найз нөхөд, багш нар болон сум орон нутгийн удирдлагуудад тайлагнадаг төдийгүй зарим суралцагчид аймаг орон нутгийн болон улсын чанартай уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож, зуны сургалтын үр дүнг бодитоор харах боломж олгодог.
Хавар намрын сургалт:
Орон нутгийн албан хаагчид, багш, эмч нар, сургуулийн суралцагчид, гэр бүл, эцэг эхчүүдэд зориулсан богино хугацааны хэрэгцээт сургалтууд, танин мэдэхүйн болон нөхөрсөг тэмцээн уралдаануудыг зохион явуулдаг. ЕБС-ийн сургуулийн сурагчид, багш нар, төрийн албан хаагч, насанд хүргэчдэд “Харилцааны сэтгэл зүй”, “Гэр бүл”, “ Хандлага”, “Мэргэжил сонголт”, “Миний үнэ цэнэ”, “Өрхийн санхүү”, “Сэтгэл хөдлөлөө удирдахуй”, “Аюулгүй сонголт” гэх мэт зан чанар, хувь хүний хөгжлийн сургалтуудыг зохион байгуулсаар байна.
Эрүүл мэндийн үйлчилгээ:
Төсөл хэрэгжүүлж буй орон нутгийн ард иргэдийн эрүүл мэндэд анхаарч мөн эмнэлгийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулах зорилгоор хүн эмнэлгийн эмч, сувилагч нарт зөвлөгөө өгөх мөн тэдэнд хэрэгцээтэй сургалтуудыг зохион байгуулдаг. Шүдний эмч, сувилагч, хүний эмч нар Америкийн Нэгдсэн Улс, Канад, Англи зэрэг орнуудаас ирж эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг.
Өдөр өнжүүлэх:
Тус байгууллагын ажилчдын хүүхдүүдэд зориулан өдөр өнжүүлэхийн үйл ажиллагааг 2003-2024 оны хугацаанд зохион байгуулсан. Тус өдөр өнжүүлэхэд жил бүр тогтмолоор бага, дунд бүлгийн нийт 25 хүүхэд хамрагддаг байжээ. Одоогоор байгууллагын ажилчдын сургуулийн насны хүүхдүүдэд хичээлийн хоцрогдол арилгах, даалгавар давтлага хийлгэх болон хөгжүүлэх сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна.